//
you're reading...
Uncategorized

Дэлхийн урлагийн менежментийг Монгол урлагт нэвтрүүлж, Монголын урлаг соёлын сурталчилгааг шат ахиулан өгөөжтэй болгох тал дээр оруулах санал төлөвлөгөө

Last week Unurmaa Janchiv, Head of Mongolian Art and Culture in London, did an online presentation on Proposal for Cooperation: Introducing World Cultural Management to Mongolian Cultural Management in Order to Improve the Promotion of Mongolian Art and Culture Around the World at an online conference titled “Mongolian Expats Abroad – Developing Cooperation”. The online conference was initiated by the Mongolian Government aiming at improving the collaboration between the Government and Mongolian expats abroad. Proceedings will be published in the booklet of the conference papers. We see this to be a bigger step to cooperation between the expats and the Mongolian Government.

ЭЗХЯ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулсан “ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭД” – ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХҮЙ цахим хэлэлцүүлэгт “Монголын Урлаг Соёл Лондонд” байгууллагын тэргүүн Ж. Өнөрмаа Англиас онлайнаар оролцож “Дэлхийн урлагийн менежментийг Монгол урлагт нэвтрүүлж, Монголын урлаг соёлын сурталчилгааг шат ахиулан өгөөжтэй болгох тал дээр оруулах санал төлөвлөгөө” илтгэл тавилаа. Хурлын тэмдэглэгээ материал удахгүй хэвлэгдэнэ. Бид энэ ажлыг Монголын Засгийн газар болон хилийн чанадад байгаа Монгол иргэдийн хоорондын хамтын ажиллагааны томоохон алхам боллоо гэж үзэж байна.

ABSTRACT IN ENGLISH

PROPOSAL AND PLAN FOR COOPERATION IN INTRODUCING WORLD ARTS AND CULTURE MANAGEMENT TO CREATIVE INDUSTRIES IN MONGOLIA

Many countries widely use the practice in their international relations policy of developing close relations with other countries through public and cultural diplomacy by promoting their art and culture abroad and working together with other countries of the world in the field of art and culture. One particular example of this is the permanent establishment of its cultural centre in the countries or regions where they have diplomatic missions in accordance with their state policy in order to promote their art and culture. As to Mongolia, there is no culture centre in the world that has been officially established by the government in any foreign country or region at present and an integrated policy on promoting Mongolian art and culture abroad and supporting creative workers is yet to be developed. This in return restricts the opportunity for the permanent promotion of Mongolian art and culture abroad through the state policy, the increase in export of creative industries, attracting the best quality investment and the increase in the fee and value of the creative workers.

We all know that it is high time for our creative workers to compete on the world market and that the Government considers this matter with responsibility and equip them with the knowledge to work in this direction, contact the expats with the relevant experience in the field in order to cooperate with them so they can use their effort and contacts. There are many examples of Mongolian professionals living around the world contributing to the country’s development proving that the location of a person does not restrict the use of that person’s resources and knowledge. There is an every opportunity for the Mongolian creative workers to compete on the world market, to increase the revenue in the creative industries sectors, to develop the business mind in the creative workers and to promote Mongolian art and culture around theworld with the support of an integrated state policy.

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.

Mонголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах, түүнчлэн өнөөгийн Монгол орны дүр төрхийг гадаадад болон гадаадын иргэдэд зөвөөр таниулан сурталчилахад Монгол соёл, урлаг, бүтээлч салбараар дамжуулан ажиллах бололцоо их байна.

“ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭД”
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХҮЙ
цахим хэлэлцүүлэг
Улаанбаатар. 2013-12-7

Дэлхийн урлагийн менежментийг Монгол урлагт нэвтрүүлж,
Монголын урлаг соёлын сурталчилгааг шат ахиулан өгөөжтэй болгох тал дээр оруулах санал төлөвлөгөө

Ж.Өнөрмаа
(Европ-Монголын Нийгэмлэгийн Дэд тэргүүн,
Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн,
Цахим Өртөө холбооны гишүүн)

Агуулга

Өмнөх үг
I. Монгол улсын урлаг соёлын гадаад сурталчилгааны менежментийн өнгөрсөн, одоо, ирээдүй
II. Бусад орны туршлага
III. Их Британи, Европт хамтран ажиллах санал: Бизнес загвар, стандарт
Дүгнэлт
Ном зүйн жагсаалт

ӨМНӨХ ҮГ
Юуны өмнө өөрийгээ товч танилцуулахыг зөвшөөрнө үү. Намайг Жанчивын Өнөрмаа гэдэг. Миний үндсэн мэргэжил хэл судлаач. 1998 онд Их Британид ирж суралцан Дипломат судлал, олон улсын харилцааны мэргэжилээр Магистрын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш Их Британид ажиллаж, амьдарч байна. 2007 оноос хойш 50 хувийн орчуулга, 30 хувийн консалтинг, 20 хувийн урлагийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн компанийг удирдан захирлаар нь ажиллалаа.
Хилийн чанадад байгаа Монгол иргэдтэй хамтран ажиллах төр, засгийн бодлогыг дэмжин хүлээж авч байгаа бөгөөд цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Энэ удаа өөрийн сонирхлын дагуу дэлхийн урлагийн менежментийг Монгол урлагт нэвтрүүлж, Монголын урлаг соёлын сурталчилгааг шат ахиулан өгөөжтэй болгох тал дээр санал оруулах гэсэн юм.

Миний бие Их Британид ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Монгол урлаг соёлыг сурталчлах, Монгол уран бүтээлчдээ дэмжин тэдний уран бүтээлийг барууны орнуудад сурталчилах хүсэлдээ хөтлөгдөн иргэний санаачилгаар ажиллаж ирсэн өөрийн мэдлэг туршлагыг бусадтайгаа хуваалцаж, цаашид бүтээлчээр хамтран ажиллах боломжуудыг эрж хайх зорилгоор энэхүү илтгэлийг бэлтгэлээ.

Илтгэлдээ гурван үндсэн асуудлыг товч хэлэлцэнэ. Үүнд: нэгдүгээрт, Монгол улсын урлаг соёлын менежментийн өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай товчхон авч үзнэ. Хоёрдугаарт, урлаг соёлын менежментийн салбарт бусад орнуудын төрийн байгууллагууд, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд, мөн мэргэжилийн байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж байгаа талаар тодорхой жишээнүүд татан авч үзнэ. Эцэст нь, Их Британи, Европт урлаг соёлын менежментийн салбарт хамтран ажиллах бизнес төлөвлөгөөг санал болгох бөгөөд үүнд хамтын ажиллагаанд тавигдах стандартын асуудлыг хөндөх юм.

I.               Монгол урлаг соёлын гадаад сурталчилгааны менежментийн өнгөрсөн, одоо, ирээдүй

Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Үүний нэг жишээ нь дэлхийн орнууд дипломат төлөөлөгчийн газар бүхий улс орнууддаа төрийн бодлогын дагуу өөрийн орны эсвэл бүс нутгийн соёлын төвийг байгуулж, түүгээрээ дамжуулан урлаг соёлоо сурталчилах үйл ажиллагааг байнга явуулж байдаг явдал юм. Томоохон жишээ дурьдвал, Europe House, Asia House, Polish Cultural Centre, Nehru Centre (Indian Culture Centre), Korean Culture Centre гэх мэт.

Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед урлаг соёлын салбар мөн л төлөвлөгөөт байдлаар хөгжиж байсан бөгөөд тухайн бодлого зохицуулалтын газраас социалист хамтын нөхөрлөлийн орнуудад зохиогддог урлагийн наадмуудад уран бүтээлчдийг оролцуулахдаа ихэнх тохиолдолд үнэ хөлсгүйгээр ажиллуулах замаар шийдэж ирсэн байдаг. Энэ нь тухайн үеийн нийгмийн хөгжил, үзэл санааны ялгарал, манай орны сонгосон хөгжлийн замтай холбоотой байсан нь ойлгомжтой.

Харин даяарчлал хөгжсөн өнөө үед бид дэлхийн орнуудтай хөл нийлүүлэн алхаж, дэвшилтэт арга технологи, хөгжлөөс суралцах ёстой бөгөөд үүн дээр тулгуурлан өөрийн үндэсний хэв маягтай бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг үр ашигтай хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны веб хуудаснаас энэ сард авсан статистикийн мэдээллээр 2011 оны байдлаар төрийн болон хувийн өмчийн соёл, урлагийн 821 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 36 (4.4%) нь мэргэжилийн урлагийн, 42 (5.1%) нь музей, 373 (45.4%) нь нийтийн номын сан, 341 (41.5 %) соёлын төв ба ордон, 3 (0.4 %) нь кино театр, 26 (3.2 %) нь кино үзвэрийн цэг байна. Соёл, урлагийн байгууллагуудын 95.7 хувь нь төрийн, 1.0 хувь нь хувийн, 3.3 хувь нь орон нутгийн болон бусад хэлбэрийн өмчийн харьяалалд багтаж байна.

Cоёл, урлагийн салбарын байгууллагууд 2011 оны санхүүгийн жилд 145.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 11.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 40.9 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилт авч, 40.6 тэрбум төгрөгийн урсгал зардал гарган үйл ажиллагаа явуулжээ. Нийт урсгал санхүүжилтийн 83.0 хувийг улсын төсвөөс, 8.1 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоосоо санхүүжсэн байна. Энэ салбарт нийтдээ 17.6  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 2010 онтой харьцуулахад нийт урсгал зардлын санхүүжилт 7.5 тэрбум, улсын төсвийн санхүүжилт 6.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, харин үндсэн үйл ажиллагааны орлого 0.6 тэрбум төгрөгөөр буурчээ.

Гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны хувьд онцлон мэдээлсэн статистик мэдээлэл олдсонгүй. Гэхдээ өөрийн сонирхлын дагуу олж мэдсэн зарим баримтаас хуваалцахыг хүсч байна.

Өнөө үед дэлхийн чиг хандлагын цар хүрээнд манай уран бүтээлчид болон соёл урлагийн байгууллагууд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудаас үе үе зохион байгуулдаг цөөн арга хэмжээнд  заримдаа сонгон шалгаруулалтын замаар, ихэнхдээ танилын хүрээнд оролцохоос гадна ихэнх тохиолдолд өөрсдийн чадвар, холбоо харилцаа, идэвх санаачилгыг ашиглан хувиараа дотоод гадаадын урлагийн менежерүүд, галерей, театр болон фестивалуудтай гэрээ хийж ажиллах замаар өөрсдийн тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн, уран бүтээлийг гадаад оронд сурталчилж, борлуулж байна.

Ингэхдээ олон арга замыг сонгох боломжгүй ч дэлхийн чансаатай уран бүтээлчид нь дэлхийн кино наадам, уулзалт, загварын шоу, фестивалиудад уригдан тодорхой зардал, урамшуулал, төлбөр авч очиж тоглодог бол төрийн болон сурталчилгааны ажилд оролцож буй уран бүтээлчид зөвхөн хоол, буудлын үнийг төлснөөр үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээдэг байх жишээтэй. Гэтэл энэ нь тухайн үедээ Монгол улсын нүүрийг тахлах үүргээ биелүүлээд өнгөрөх төрийн түшмэлийн өчүүхэн бодлын хариуд уран бүтээлч хүний цаг, нөр их хөдөлмөрийг үл тоомсорлож, тэдний үнэлэмжийг буулгаж байна гэдгийг бид ойлгож ухамсарлан, энэ салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг хэдийнээ болжээ.

Харин ахмад уран бүтээлчдээс санаачлан залуу уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг удирдан Монголдоо болон гадаадын орнуудад тоглуулах менежмент хийгдэж эхэлснийг сонсоод баяртай байгаа.

Манай үзүүлбэрийн уран бүтээлчдийн хувьд хамгийн их туршигдаж буй нэг арга нь монгол уран бүтээлчид өөрсдөө гадаад оронд суугаа монголчуудын холбоод, хувь хүмүүстэй холбогдон, өөрсдийн эрсдлийг хоёр тал дааж тухайн оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлийнхээ дээжээс толилуулж байгаа явдал юм. Нэгдсэн зохион байгуулалтгүй иймэрхүү арга хэмжээ нь эх орон нэгтнүүдээ баярлуулах сайхан алхам боловч монгол соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчид өөрсдөө гадаад зах зээл дээр гарах замыг судлах боломж олгодоггүй явцуу хүрээнд болж өнгөрдөг.

Мөн нэгэнт энэ салбарт төрийн нэгдсэн бодлого хараахан үгүй учраас уран бүтээлчдийн өөрсдийнх нь хар хүч, бор зүрхээрээ зүтгэж буй энэ ажилд төр засгаас үзүүлэх дэмжлэг дутагдаж, зарим тохиолдолд хүссэн ч дэлхийн нэр хүндтэй арга хэмжээнд уригдсан атлаа зардлаа даах нөхцлөөс нь болоод оролцож чадахгүй байх тохиолдол гарч байна.

Цаашид бидэнд манай орны соёл урлагийг сурталчилах борлуулалтын онцгой санал (Unique Selling Point) болох дорнын нүүдэлчин орны онцлог шинжийг агуулсан дуу хөгжим, загварын урлаг, хөөмий, морин хуур, архитектур, оюуны тоглоомууд, уран бичлэгийн урлаг, яруу найраг, кино урлаг зэрэг дэлхийд сурталчилах бүтээлч үйлдвэрлэлийн баялагийн нөөц их байна. Гагцхүү үүнийг төрийн залгамж бодлогын хүрээнд, зөв тогтолцоогоор, бизнесийн хэлбэрээр, менежментийн болон мэргэжлийн өндөр төвшинд хөгжүүлэх сорил бидний өмнө тулгараад байна.

II.             Бусад орны туршлага

Бид гадаад оронд шоу зохион байгуулж, үзэсгэлэн гарган, концерт тоглосоноор урлаг соёлын менежмент хийж байна гэж үзэж, сэтгэл амарч болохгүй юм. Үүний учир нь бид дэлхийн урлагийн менежментийн өргөн боломжийг нээгээгүй байгаад оршино.

Улс орон бүр бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бизнесийн менежментийг шууд хэрэгжүүлдэг болохыг миний бие 2010 онд Хөгжмийн менежментийн курст сууж дүүргэхдээ ойлгож мэдсэн юм. Мөн Их Британийн засгийн газраас зохион байгуулдаг бүтээлч үйлдвэрлэлийн салбарын олон арга хэмжээнд оролцож, Британийн болон бусад орны уран бүтээлчид, тэдний менежерүүдтэй холбоотой ажиллах явцдаа танилцсан билээ.

Доор дурдах өргөн боломжуудыг бүх орны уран бүтээлчид дэлхий даяар хэдийнээ хүртэж байдаг тул дараах хэдэн энгийн жишээн дээр тайлбарлахыг зөвшөөрнө үү.

1. Бүх уран бүтээлчид маань өөрсдийн зохиогчийн эрхийг эдлэхийг бүрэн хангадаг нэр хүндтэй АНУ-ын BMI, Их Британийн PRS зэрэг зохиогчийн эрхийг хамгаалах гадаадын байгууллагад гишүүнээр элсэж боломж байдаг. Ингэсэнээр тэд зохиогч нь болох аливаа дуу, хөгжим, киноны хөгжим, зохиолыг тухайн байгууллагын хамтран ажилладаг дэлхийн бусад орны зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагууд байдаг аливаа оронд хаа нэгтээ ашигласан төлбөрийн хураамжийг тухайн ашигласан байгууллагаас нь лицензийн дагуу хураан авч уран бүтээлчдэд эргүүлэн түгээдэг. Тэдгээр нь төрийн бус мэргэжлийн байгууллагууд байх бөгөөд төлбөрийг байнга тайлагнаж байдаг ашгийн төлөө, ил тод үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байдаг. Монголоос “Алтан ураг” хамтлаг анх 2010 онд олон улсын чуулга уулзалтад оролцож байх үеэр зохиогчийн эрхийг хамгаалдаг АНУ-ын BMI байгууллагын гишүүнээр уригдан элссэн. Энэ гэрээнийхээ дагуу уг байгууллага тус хамтлагийн зохиосон хөгжмийг ашигласан Америк, Ази, Европ тивийн орнуудаас лицензийн хураамж авч улирал тутамд “Алтан ураг” хамтлагт төлбөр хийж байдаг. Хамгийн сонирхолтой нь Монголд ийм үүрэг чиглэл бүхий боловсронгуй байгууллага байхгүй эсвэл тэр нь дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах дээрхтэй адил төстэй сүлжээнд элсээгүйгээс “Алтан ураг” хамтлагийн зохиосон хөгжмийг ашигласан аливаа лицензийн төлбөрийг Монгол улсын ямар нэгэн байгууллагаас авах боломжгүй байдаг. Харин уран бүтээлчид маань тэдний зохиосон, тоглосон уран бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авч ашигладаг телевиз, радиогийн байгууллагуудад төлбөр хийж зар сурталчилгаагаа хийдэг нь шударга бус явдал юм. Үүнийг төрөөс авч үзэж, зохиогчийн эрхийг хамгаалах ажлыг нэн даруй зохион байгуулах нь зүйтэй. “Алтан ураг” хамтлагийн хувьд бид удахгүй гэрээ зурах АНУ-ын паблишер, Их Британийн хуульчаараа дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

2. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн гадаадын мэргэшилийн хуульчидтай хамтран ажиллах нь нэн чухал. Үүний сайн тал нь тэдгээр хуульчид тухайн салбарт дэлхийд мэргэшсэн байдаг тул гэрээнүүдийг аль болох уран бүтээлчдэд ашигтайгаар хийх боломжийг хангаж, тэднийг байнгын хамгаалалтадаа байлгах боломжийг нээдэг.

3. Монгол дуучид, хөгжимчдийг гэрээлэн ажиллуулах дэлхийн хэмжээний лебелүүдтэй (record labels) гэрээ хийх боломжийг судалж, эрж хайх явдал туйлын чухал юм. Нэгэнт гэрээлж авсан тохиолдолд тухайн лебель нь уран бүтээлчдэд урьдчилгаа төлбөр төлж, уран бүтээл хийх, альбом бичих, түүний сурталчилгааг хийх явцад гарах бүх зардлыг хариуцахаас гадна, уран бүтээлчдэд зориулан лебелийн менежер, аялан тоглолтын менежер, хувцасны дезайнер, нарийн бичиг, пи-ар гээд шаардлагатай удирдлагын болон бичиг хэргийн бүх бүтцээр ханган ажилладаг. Лебелүүд амжилтад хүрч чадна гэж үзсэн хамтлаг дуучидтай л зөвхөн гэрээ хийдэг болохоор шаардлага нь өндөр байдаг. Гэхдээ монгол уран бүтээлчдийн дотор тэрхүү өндөр шаардлагыг хангах чадалтай уран бүтээлчид цөөнгүй байгаа тул үүнийг төрийн нэгдсэн бодлогоор дэлхийн томоохон фестивалиуд, ялангуяа дэлхийн томоохон лeбелүүд шинэ авъяастнуудыг хайн ирж оролцдог WOMEX, WOMAD, SXSW (“south by southwest”) зэрэг нэр хүндтэй арга хэмжээнүүдэд оролцуулж байвал зүйтэй байна. Нэг жишээ хэлэхэд, “Алтан ураг” хамтлаг SXSW фестивальд оролцох боломж гарч уригдаж байсан ч зардлаа өөрсдөө даах нөхцөлөөс болоод оролцож чадаагүй харамсалтай тохиолдол гарч байсан.

4. Монгол зураачид, киноны уран бүтээлчид, дуучид, хөгжимчдийг гэрээлэн ажиллуулж явуулын кино, үзэсгэлэн болон аялан тоглолтыг нь зохион байгуулах дэлхийн хэмжээний промотерүүдтэй (Promoters) гэрээ хийх боломжийг судалж, эрж хайх явдал туйлын чухал юм. Эдгээр байгууллагууд мөн дээр дурьдсан WOMEX, WOMAD, SXSW зэрэг нэр хүндтэй фестивалиудад бүгд ирж оролцдог.

5. Уран бүтээлчдийн туурвисан хөгжим, бүтээлийг нь дэлхийн сериалууд, телевизийн жүжиг, кинонынхон авч ашиглах болон захиалж туурвилуулах ажлыг олж өгч хамтран ажилладаг хөгжмийн паблишерүүдтэй (Publishers) хамтран ажиллах нь чухал байна.

6. Монгол загвар зохион бүтээгчдийг дэлхийн хэмжээний дэлгүүрт бараагаа борлуулахаар худалдан авагч талтай гэрээ зуруулах, үүний тулд тэднийг дэлхийн хэмжээний загварын шоунуудад дэмжин оролцуулах, мөн монгол архитекторчдыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх тендерүүдэд өрсөлдүүлэх хэрэгтэй байна.

Их Британийн жишээнээс харахад төрөөс аливаа үйлдвэрлэл, түүний дотор бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж ихээхэн хөрөнгө оруулалт хийж байдаг. Үүний нэг жишээ нь, жил бүр зохиогддог WOMEX, SXSW фестивалиудад Британийн засгийн газрын агентлаг болох Их Британийн Худалдаа, Хөрөнгө оруулалтын газраас (UK Trade & Investment) жил бүр оролцож, ингэхдээ Британийн уран бүтээлчдэд хөнгөлөлттэй төлбөр төлж уг газрын үзэсгэлэн яармаг гаргах талбайг хуваан хэрэглэх боломж олгохоос гадна уран бүтээлчдийг байнга дэмжиж тэдэнд бизнес төлөвлөгөө гаргах, гадаадын зах зээлийг судлах, экспорт, импорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төрөл бүрийн тэтгэлэг, санхүүгийн туслалцаа үзүүлэхээс гадна адил төстэй арга замуудыг заах зэргээр мэргэжлийн туслалцаа байнга үзүүлж байдаг. Дашрамд хэлэхэд уг газар өөрийн салбараа энэ жил ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамныхаа дэргэд Улаанбаатар хотноо нээсэн.

Бүс нутгийн орнуудын жишээнээс харвал, өөрийн орны нэрэмжит жилийг барууны орнуудад ээлжлэн бүтэн жилийн хугацаатайгаар зохион байгуулдаг туршлагатай. Жишээлбэл, Их Британид БНХАУ, Япон, Солонгос улсууд суулийн 10 жилд нэг нэг удаа зохион байгуулсан ба энэ нь тухайлбал Британийн засгийн газраас тухайн орнуудтай, түүний дотор БНХАУ-тай эдийн засаг, соёлын хүрээнд хамтран ажиллах өргөн боломжийг нээсэн гэж үздэг. Сүүлийн 10 жилд Хятад уран бүтээлчдийн бүтээлүүд асар өндрөөр үнэлэгдэх болсон.

III. Их Британи, Европт хамтран ажиллах санал: Бизнес загвар, стандарт

Илтгэлийн эхэнд дурдсанчлан, миний бие 2009 оноос хойш Монгол урлаг соёлыг сурталчилах, Монгол уран бүтээлчдээ дэмжин тэдний уран бүтээлийг барууны орнуудад сурталчилах зорилгоор доорх ажлуудыг санаачлан зохион байгуулж хийж ирлээ. Үүнд:

2009 оноос эхлэн “Алтан ураг” хамтлагийн Европ дах асуудлыг хариуцсан менежерээр ажиллах хүсэлтийг Цахим Өртөө Холбооны тэргүүн Д. Цэрэнбат, тухайн үед уг холбооны даргаар ажиллаж байсан Ц. Сайнбаяр нар тавьсаны дагуу энэ чиглэлээр менежментийн ухааныг судалсан өөрийн туршлага дээр үндэслэн тус хамтлагийн карьерийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж ирсэн.

2009 оноос эхлэн Монгол зураачдын үзэсгэлэнг Британийн хотууд, Франц улсын Парис хот, Швейцари улсын Монтро хотуудад дэлгэн үзүүлснээс гадна  зураач Д. Батбилэгийн менежерээр ажиллаж байна. Д. Батбилэгийн 5 жил ажилласан Английн aлдapт “Queen” хамтлагийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн “Гайхамшигийн он жилүүд”цуврал уран бүтээлийг Лондон хотын төвд орших Доминион театрт 2011 оноос хойш хугацаагүй тавигдах ажлыг зохион байгуулсан. Энэхүү театрт “Queen” хамтлагийн уран бүтээлээс зохиомжилсон “We Will Rock You” мюзикл сүүлийн 10 гаруй жил долоо хоногийн зургаан өдөрт тасралтгүй тавигдаж байгаа алдартай театр юм. “Queen” хамтлагийн гишүүд, менежментийн баг, гэр бүлийн гишүүд, дэлхий даяар оршин суудаг фэнүүд нь уг тоглолтыг үзэхийн сацуу авьяаслаг Монгол уран бүтээлч Д.Батбилэгийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлийг асар өндрөөр үнэлж, нүд сэтгэлээ баясгадаг болохыг Tа бүхэн Д.Батбилэгийн www.queenart.wordpress.com блог дээрээс уншиж болно.

2009 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол соёл урлаг сурталчилах доорх арга хэмжээнүүдийн ихэнхийг өөрийн санаачлагаар, компанийн зардлаар ойролцоогоор 25000 фунт стерлинг зарцуулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Цөөн тооны арга хэмжээг захиалагчийн хүсэлт, тэдэнтэй хамтарсан зардлаар менежмент хийж зохион байгуулсан. Зарим тохиолдолд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам болон Британийн Монголчуудын Холбоо дэмжиж оролцдогыг дурдмаар байна.

Арга хэмжээ тус бүрийг та бүхэн манай веб хуудас болох www.linguaglobal.org.uk  руу орж Art Management хуудсаар дамжин Mongolian Art and Culture in London блог руу орж үзэж болно. Монголын уран бүтээлчдээс гадна Швейцари, Франц, Английн уран бүтээлчдийн төлөөлөгчөөр ажилладаг.

Mongolia Supper at the International Student House, London, UK 2013
Mongolian artists at the Paris Expo Garden 2013
Exhibition on History of Rock Pop Music by Batbileg Darjaa in Ulaanbaatar, Mongolia 2012
Images of Mongolia Exhibition at the Ulster Museum in Belfast, Nothern Ireland 2012
Bringing Altan Urag Folk Rock Band at the International Music Festival of Asian-Pacific Region in Krasnoyarsk, Russia 2012
The Grand unveiling of Genghis Khan by Dashi Namdakov in London, UK 2012
Bringing Swiss and Mongolian artists to Burgh House Christmas Art Fair in London, UK 2011
Queen Art Exhibition by Batbileg Darjaa in Montreux, Switzerland 2011
Dominion Theatre in London Hosts The Queen Art in London, UK 2011
Inaugural Mongolian Throat Singing Festival in London, UK 2011
Contemporary Art Exhibition at European Bank for Reconstraction and Development in London, UK 2011
Bringing Altan Urag Folk Rock Group for Music Matters Forum in Hong Kong 2010
Mongolian Culture Evening at the Royal Over-seas League in London, UK 2010
Mongolian Calligraphy Exhibition at Asia House in London, UK 2009

Дээрх туршлага дээрээ тулгуурлан монгол урлаг соёлыг сурталчилах салбарт төрийн бодлого тодорхойлогч болон засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн бус болон хувийн хэвшлийн бутээлч үйлдвэрлэлийн байгууллагуудтай бизнес загварын дагуу чанарын өндөр түвшинд үр бүтээлтэй хамтран ажиллах санал оруулж байна. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалт хайж буй үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн салбарын шилдэг төслүүдийн жагсаалт бүхий каталоги бэлтгэх;
  2. Богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  3. Оролцох шаардлагатай олон улсын фестивалиудыг тогтоож, төлөөлөгчөөр ажиллах;
  4. Холбоо тогтоох шаардлагатай худалдан авагчдыг тодруулж, хамтран ажиллах;

Үүний тулд:

  1. Урьтал болгон сурталчилах бүтээлч үйлдвэрлэлийн салбарын чанарын стандартыг дэлхийн жишигт хүргэх;
  2. Монгол уран бүтээлчдийн чансаа, үнэлэмжийг өсгөх асуудал нэн тэргүүний зорилт байх ёстой.

ДҮГНЭЛТ

2011 онд болсон “Орчин үе, тайз дэлгэцийн урлаг” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлэг 
мэтгэлцээн дээр Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай “Бид уран бүтээлчдээ дэлхийн аль сайн тэмцээн уралдаанд явуулж чаддаг чадвартай байх ёстой. Явуухулан багшийн хэлсэнчлэн “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэдэг шиг монголын бүжигчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Үнэн хэрэгтээ монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Даяарчлалын өнөө үед асар хурдтай хөгжиж буй технологийн ачаар Хил хязгааргүй (… without borders) мэргэжилийн группүүд асар олноор үүсэн амжилттай ажиллаж байгаагаас харахад хүний нөөц, боломж бололцоог тухайн хүн аливаа оронд биеэр байхаас үл хамааран улс орны хөгжилд гар бие оролцож болохыг олон тэргүүний монгол залуусын жишээ бэлхнээ харуулж байгаа. Иймээс бид энэ салбарт хамтран ажиллахдаа баяртай байх болно. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах бүрэн боломж бидэнд байна.

 

Ном зүйн жагсаалт

  1. Д. Батжаргал, Ц. Даваадорж, Д. Болормаа, Б. Түвшинжаргал, Ц. Нямхүү, Нийгмийн салбарын хувьчлал: Соёл урлагийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын кэйс судалгаа, Нээлттэй нийгэм Форумын судалгаа, Улаанбаатар, 2004
  2. Л. Оюунцэцэг, Соёлын инновацийн хөгжлийн чиг хандлага, Соёл ба хөгжил: Соёлын чуулган, илтгэл, Улаанбаатар, 2012
  3. Eva K. Ponomarjov, UK Trade & Investment Introduction, PPP, Baltic States, 2013
  4. Broadcast Music, Inc. http://www.bmi.com/
  5. Performing Right Society https://www.prsformusic.com/Pages/default.aspx
  6. Lingua Global www.linguaglobal.org.uk
  7. Mongolian Art and Culture in London: https://mongolianartlondon.wordpress.com/
  8. Batbileg Darjaa – Queen Art http://queenart.wordpress.com/
  9. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам http://mcst.gov.mn
  10. UK Trade & Investment http://www.ukti.gov.uk/home.html

www.linguaglobal.org.uk
www.mongolianartlondon.wordpress.com

Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: http://mongolchuud-oluulaa.com/хөтөлбөр/

Advertisements

Discussion

2 thoughts on “Дэлхийн урлагийн менежментийг Монгол урлагт нэвтрүүлж, Монголын урлаг соёлын сурталчилгааг шат ахиулан өгөөжтэй болгох тал дээр оруулах санал төлөвлөгөө

  1. Uneheer goe medee hurgesend bayrllaa ih taalagdlaa
    Ajil hudulmurt tani AMJILT husie

    Posted by SARUUL | 05/11/2015, 16:08
  2. сайхан сэтгэлтэй, монголоо гэсэн хөдөлмөрч, бүтээлч хүн байна. таны цаашдын ажилд амжилт хүсье. боломжтой бол хамтран ажиллахсан, таниас олон залуус суралцаасай гэж хүсч байна.

    Posted by Garamzadi Enhbayar | 09/12/2015, 03:04

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Extraordinary masterpiece! Check it out

QueenArt

The Queens Magnificent Years for SALE!!!

%d bloggers like this: